ЗӨВЛӨГӨӨ

Нэг сарын дотор таны амьдралыг өөрчлөх 12 энгийн алхам

Та яг одоогийн байдалдаа сэтгэл хангалуун байна уу? Эсвэл өөрийгөө, амьдралаа тэр чигт нь өөрчилж, илүү идэвхитэй, эрүүл, аз жаргалтай амьдрахыг хүсч байна уу? Өнөөдөр хийж бүтээх гэхээс илүүтэй бэлэнчлэх сэтгэлгээ, цахим сүлжээ, хийсвэр ертөнцийг амьдралынхаа чухал зүйл болгосон залуус олширч байгаа тул энэ бүхнийг өөрчилж, цоо шинээр бүхнийг эхлэх хялбар аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Та энэхүү нэг сарын турш мөрдөх зааврыг баримтлаад цоо шинэ нэгэн болж хувирах болно.

1.Нэг дэх долоо хоног: Бодол санаа болон биеэ хөгжүүлэх

1. Өглөө эрт босох

Өглөө эрт боссоноор та тухайн өдөртөө илүү их ажил амжуулж, эрч хүч, урам зоригоор дүүрэн байх болно. Өөрчлөлтийг хүсч байгаа бол хамгийн түрүүнд өглөө эртлэн босч сурах хэрэгтэй. Бусад хүмүүс унтаж байхад та босч, ажил төрлөө амжуулж, өөртөө анхаарал хандуулах нь сэтгэл санааг хүртэл өөдрөг болгож өөрчилдөг сайн талтай төдийгүй яарч сандран босч юу таарснаа өмсөж, өглөө өлөн ходоодтой гарах зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой юм. Хэрэв өглөө босох хэцүү санагдаж байвал оройдоо хэт их зүйл идэлгүй эртхэн амарч байгаарай.

Нэг дэх долоо хоног: Бодол санаа болон биеэ хөгжүүлэх

2. Уураг ихтэй хоол хүнс хэрэглэх

Идэж байгаа хоолныхоо цэсийг өөрчилж, аль болох эрүүл төдийгүй уураг шим тэжээл сайтай зүйлсийг сонгох хэрэгтэй.  Эрүүл хооллож эхэлснээр бие илүү хөнгөн шингэн болж, эрч хүч мэдрэгдэх бөгөөд өвчин зовлонгүй, урам зоригоор дүүрэх аж. Мөн гоолиг сайхан болох гэж хоолны дэглэм барьдаг бол өнөөдрөөс дэглэмээ орхиж, зөв хоолыг тохируулж идээрэй. Өлсөх нь таныг тураах биш өвчүүлж байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

3. Дасгал хөдөлгөөн хийх 

Дасгал хөдөлгөөн бол эрүүл, идэвхитэй амьдралын хамгийн гол тулгуур болдог. Та хүнд хүчир дасгал хийдэггүй юмаа гэхэд гүйж, алхаж эсвэл бүжгийн спортоор хичээллэж ч болох бөгөөд хамгийн гол нь хөдөлгөөнтэй байхад биед эрч хүч хуримтлагдаж, бүхнийг хийж гүйцэтгэхэд бэлэн болох аж. Дасгал хийх гэдгийг заавал хэцүү гэх өнцгөөс харах хэрэггүй. Ердөө л та цахилгаан шатыг хэрэглээнээсээ гаргаж, шатаар өсгөж байхад л хангалттай юм.

2.Хоёр дахь долоо хоног: Хувийн амьдралдаа өөрчлөлт оруулах

1. Гэрээ цэгцлэх

Гэрээ цэвэрлэж, эргэн тойрон дахь хэрэггүй зүйлсээ хаяж, нэг ёсондоо бүхнийг шинээр эхлээрэй. Бүх зүйлсийг цэгцлэх нь амьдралаа шинээр эхлэх боломжыг танд гаргаж өгөх бөгөөд амар тайван, тухтай мэдрэмжийг давхар хайрлах юм. Ялангуяа сэтгэл эмзэглүүлэм үйл явдал, онцгүй дурсамжуудыг эргэн сануулах эд зүйлсийг бүгдийг гаргаж, сэтгэл зүрхнээсээ ч арчиж хаяхыг зөвлөе. Одоо л та өөрчлөгдөж, өөр нэгэн болох замаа засч байгаа гэсэн үг юм. Мөн цаашдаа ч эмх цэгцтэй байж, хэрэггүй зүйлсийг тэр дор хаяж хэвшээрэй.

Хоёр дахь долоо хоног: Хувийн амьдралдаа өөрчлөлт оруулах

2. Биелүүлж чадаагүй амлалтандаа хүрэх

Та хэдэн жилийн өмнө гадаад хэл сурах юм сан гэж бодож байснаа санаж байна уу? Та хэдэн удаа хөдөө байгаа эмээ өвөө дээрээ очно гэж худлаа хэлснээ тоолж үзсэн үү? Хэзээ хамгийн сүүлд хэлсэн үгэндээ хүрч, амлалтаа биелүүлсэн бэ? Хэрэв та эдгээр асуултанд хариулж чадахгүй бүдэрсэн бол одооноос бүх амлалтаа жагсааж бичээд цаг хугацаа орох байсан ч хамаагүй нэг нэгээр нь биелүүлээрэй. Эхлээд биелүүлэх боломжтой амархан зүйлсээ хийж гүйцэтгээд бага багаар урагш алхаж өөртөө тавьсан амлалт өөд тэмүүлээрэй. Тэгж байж л та өөрийгөө ялан дийлж, амжилт өөд нэг алхам ойртох болно. Үүнээс гадна чадахгүй зүйлсээ чадах мэт ярьж, хэт онгироо зан гаргах гэсний хэрэггүй. Өөрийнхөө чадах зүйлд бардам байж чадахгүй бол үнэнээ хүлээж сураарай.

3. Нийгмийн амьдралд идэвхитэй оролц

Бусадтай үзэл бодлоо солилцож, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох нь таныг нээлттэй болгох аж. Хэдийгээр та ажилтай, завгүй байдаг хэдий ч найз нөхөдтэйгээ уулзаж, өөрийн стресс ядаргаагаа тайлж байгаарай. Ажил ажил гэж гүйсээр нэг л мэдэхэд амьдралын амтыг мэдэрч, аз жаргалыг амталж чадалгүй өнгөрч ч мэднэ шүү. Мөн сэтгэл дэх шарх, ганцаардал, гуниг зэргийг даван гарахад танд найз нөхөд, олон нийтийн ажил танд туслаж, бүхнийг цоо шинээр эхлэх урам зоргийг хайрлах төдийгүй амьдралд тань бас нэгэн зорилгыг гаргаж ирнэ.

3.Гурав дахь долоо хоног: Төлөвлөх, зорилгоо тодорхойлох

1. Төлөвлөгөө гаргах 

Та ирээдүйд юу хийх төлөвлөгөөтэй байна, юу танд сайхан санагдаж, аз жаргалыг бэлэглэдэг вэ? гэдгээ эхлээд сайтар тунгаан бодоод үзээрэй. Хамгийн гол нь хүн өөрийн дуртай ажлаа хийж байх хэрэгтэй бөгөөд хичнээн ядарч байсан ч дуртай зүйлдээ бууж өгөлгүй тэмцэж, амжилтанд хүрч чаддаг юм. Иймд та ч бас өөрийнхөө дуртай зүйлийг хийж, уйгагүй хөдөлмөрлөж, амжилт, алдрын оргилд гараарай. Гэхдээ зөвхөн хүслээ гээд болчих зүйл үгүй тул эхлээд төлөвлөгөө гаргаж, хаанаас яаж эхлэхээ бодож, тэмдэглэж явах хэрэгтэй. Та өөрийнхөө амьдралыг яг л уртаас урт үргэлжлэх ном, зохиол гэж төсөөлөн сайтар боловсруулсан төлөвлөгөө гаргаарай.

Гурав дахь долоо хоног: Төлөвлөх, зорилгоо тодорхойлох

2. Мөрөөдлөө бодит болгох 

Хүн бүрт хэзээ нэгэн цагт биелээсэй гэж хүсч явдаг мөрөөдөл гэж байдаг. Харин үүнийгээ ердөө л сэтгэлдээ тээж явахаа больж, ямар нэгэн алхаж хийж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд зүтгээд үзээрэй. Хаа хүрэхээ мэдэж байгаа хүнд бурхан хүртэл зам тавьж өгөн, хаалгыг нь нээхэд тусалдаг гэх үгнээс урам зориг авч хамгийн гол нь өөртөө итгэлтэй урагшлах хэрэгтэй. Алхам алхмаар урагшилж, мөрөөдөлдөө ойртох мөч бүхэн юутай ч зүйрлэшгүй аз жаргал, баяр хөөрийг танд мэдрүүлэх болно.

3. Өдөр тутмын хийх зүйлсээ төлөвлөх

Өдөр бүрийг үр ашигтай өнгөрүүлж, хэрэгтэй зүйлсд зарцуулж байхын тулд төлөвлөгөө гаргаж, үүнийгээ хэрэгжүүлж байгаарай. Долоо хоног бүрт хийх зүйлсээ бичиж тэмдэглээд, сайтар төлөвлөж, биелүүлэх гэж оролдох хэрэгтэй. Мэдээж эхний хэдэн өдөр төлөвлөгөө дагаж амьдрах төвөгтэй санагдаж мэдэх хэдий ч аяндаа энэ бүхэн амьдралын тань нэгээхэн хэвшил болж хувиран, амжилт өөд хөтлөх болно. Хамгийн гол нь өөртөө үнэнч байх бөгөөд өөрийгөө хуурч, өнөөдөр хийх ажлаа маргааш гэж хойш тавих нь таныг улам бүр доош татаж, залхуурал, азгүйтлийн ертөнцөд аваачих аж.

4.Дөрөв дэх долоо хоног: Хүрээллээ тэл

1. Өөрөөр амьдар

Жижигхэн дадал зуршил ч амьдралын хэвшлийг тэр чигт нь өөрчлөх хүчтэй байдаг. Харин та одооноос амьдралын хэвшлээ өөрчлөөд үзээрэй. Уудаг кофегоо өөрчилж, үнэтэй ресторанд орж хоолло, зүгээр л хийдэг зүйлсээ бага ч атугай өөр болгох хэрэгтэй. Амьдрал дээр таны хэрэглэдэг, таны мэддэгээс өөр сонирхолтой зүйлс дэндүү олон болохыг ухаарч, зүгээр л бусад зүйлсийг туршаад үз. Танд эдгээр өөрчлөлт таалагдах нь гарцаагүй. Энэ нь таны өнөөх л улиг болсон байдал, уйтгар гуниг, нэгэн хэвийн байдлыг үлдэн хөөж, шинэ соргог мэдрэмж хайрлах юм.

Дөрөв дэх долоо хоног: Хүрээллээ тэл

2. Эрсдэл гарга

Урсгалаараа явсаар насыг барна гэдэг дэндүү утгагүй дээр нь уйтгартай хэрэг. Амьдралдаа ядаж ганц удаа эрсдэлтэй шийдвэр гаргаж, адал явдлыг эрэлхийлээрэй. Энэ нь таны амьдралыг харах өнцгийг өөрчлөөд зогсохгүй, айдсыг дарж, хүчирхэг нэгэн болгоно. Мөн өөрийн айдастайгаа нүүр тулах нь таны гаргаж болох хамгийн том, зоригтой болоод зөв шийдвэр юм шүү. Хэрвээ та өндрөөс айдаг бол өндөрт гар, захиралаасаа эмээдэг бол зориг шулуудаж хэлэх гэснээ хэл. Ингэж байж л та өөрчлөгдөнө. Сүүлд болох зүйлсэд санаагаа чилээх биш шууд л хүссэн зүйлээ хий.

3. Тархиа амраа

Цахим сүлжээ, стресс, бухимдал зэрэг бидний амьдралд хэтэрхий гүн нэвчин орж иржээ. Эдгээрээс хөндийрч бага ч атугай тархиа амрааж, тайван амгалан хөдөө нутгийг зориорой. Бүх асуудлыг мартаж хэд хоног амрах төдийд л та дахин төрсөн мэт л энергиэр цэнэглэгдэж, эрч хүчийг хүн бүрт мэдрүүлэх болно.

Source:Caak.mn

Related Articles

Close