Сонин хачин

Хүүхдүүдээ өлсгөлөнгөөс аврахын тулд Солонгос бүсгүйчүүд эрэгтэй хүний хийдэг маш хүнд хэцүү, аюултай мэргэжлийг эзэмшиж гэр бүлээ тэжээж байна

Солонгост ийм мэргэжилтэй хүнийг «хэнё» буюу далайн бүсгүй гэж нэрлэдэг байна. Сонсоход романтик боловч энэ нэр нь уг хөдөлмөрийн хүнд хэцүү аюултай талыг нь нууж хааж байдаг билээ. Жил болгон Солонгосын мэргэжлийн шумбагч нар далайд шумбаж далайн нугасгүй амьтад, замаг зэрэг зүйлийг түүж олборлодог. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү гэж болмоор. Гэтэл одоогийн хамгийн өндөр настай хэнё нь 90 настай, бусад шумбагч нар нь түүнээс сайндаа л 30 насаар дүү гэхээр юм ихээхэн өөр өнгөөр харагдах болов уу.

Ингээд энэхүү маш хүнд мэргэжлийг эзэмшиж, Солонгосын олон тогтсон жишгийг эвдэж байдаг бүсгүйчүүдийн тухай танилцуулъя.

Эмэгтэй шумбагч Солонгост аль эрт бий болсон бөгөөд түүний гарал үүслийг хайгаад явбал түүхийн замаар төгсгөлгүй үргэлжлэх байх. Википедиагийн мэдээгээр бол хэнё байдаг тухай анх Голландын аялагч Хендрик Хамел 1653 бичсэн байдаг бөгөөд түүний хөлөг онгоц нь Солонгосын эрэг орчмын нутагт осолдсоны дараа тэдгээрийг харснаа тэмдэглэсэн байдаг байна. Тэрээр Чежу-до орчмын (орчуулбал Чежү арал) хэнё-г дүрслэн бичсэн байдаг. Чухам энэ газар л хэнё нарын эрт урьдын төдийгүй одоогийн гол оршин байдаг газар нь юм.

© topntp/Depositphotos.com

Чежү-до орчмын нэгэн арал дээрх хэнё нарт зориулсан хөшөө

Оросын Байгалийн шинжлэх ухааны академийн гишүүн Валерий Величко өөрийн ажил мэргэжилтэй холбоотойгоор Чежү арлаар олон удаа явсан байна. Тэрээр хэнё нарын тухай бичихдээ:

“Солонгосын бусад нутагт конфузын сургаалийн үзэл бодол ихээхэн нөлөөтэй байдагтай холбоотойгоор эмэгтэйчүүд нь нийгэмд нилээд туслагч маягийн үүрэгтэй байдаг бол харин Чежү-до-д эмэгтэйчүүд голлох үүргийг түүхийнхээ туршид гүйцэтгэсээр иржээ. Эмэгтэйчүүд нь аж ахуйгаа удирдаж, амьдрах хоол хүнс, хэрэгслээ олно. Тэд л гэр бүлээ тэжээж, бүх зүйлд санаа тавих ба тэдний хэлдгээр “морийг давхил дунд нь зогсоож, усанд бусдаас гүн шумбана” гэсэн байдаг.

Сонирхолтой баримт: Солонгосын шумбагч нартай адил мэргэжилтэй Япон бүсгүйчүүд бас байдаг ба ама (утга нь далайн хүн) хэмээх нэртэй энэ бүсгүйчүүд мөн л далайн ёроолоос сувд, замаг болон бусад зүйлийг гарган ирдэг байна.

annelise.ferry / instagram

Яагаад эмэгтэйчүүд гэж?

Анх далайн иймэрхүү төрлийн ажлыг эрчүүд хийдэг байсан боловч XVI зууны үед өндөр татвараас болоод шумбагч нар энэ нутгийг орхиж эхэлсэн байна. Гэртээ үлдсэн эмэгтэйчүүд үр хүүхдээ хооллохын тулд амьдрахын тулд мөн далайгаас хишиг горьдож аж төрж эхэлжээ.

Солонгосын нэгэн сонин бичихдээ Чосоны нэртэй найрагч Им Чжэ-гийн аян замын тэмдэглэлдээ жил болгон 100 гаруй эр завьтайгаа живж үхэж байснаас тэдний ард үлдсэн эхнэр нь шумбагч ажлыг нь үргэлжлүүлэн хийхээс өөр аргагүй байдалд хүрдэг байсан байна.

lucianocandisani / instagram

Бас байгалиас заяасан бие бялдрын онцлогийн тухай мартаж болохгүй. Эмэгтэй хүний арьсны доодох өөхөн давхарга нь усан доорх температурын өөрчлөлтийг давах илүү тэсвэртэй (бас илүү уян хатан, хөдөлгөөн нь илүү зөөлөн зэрэг чухал бусад зүйлийг тооцоогүй) гэж үздэг.

Энэ мэргэжлийн хэрэгцээ өссөн нь болон хямрал

XX зууны эхээр Солонгос нь Японы мэдэлд орох үед Солонгос бүсгүйчүүдийн энэ мэргэжил ихээхэн эрэлттэй болж, Японы нарийн хоол сонирхогч нар нь далайн ёроолоос гаргаж ирсэн шинэхэн бүтээгдэхүүнд ихээхэн мөнгө зарлагддаг байлаа. Иймэрхүү байдлаар тун удалгүй хэнё нар бүх л гэр орноо тэжээдэг хүмүүс болсон байна. Хэрвээ хурим найрын тухай яриа гарах бол эмэгтэйчүүд нь ямар инжтэй очих билээ гэж сэтгэл зовох биш харин тэд сүйт залуугаасаа инж хүлээн суудаг болж.

Нэмээд хэлэхэд Чежү арлын эмэгтэйчүүд охин гараасай гэж залбирдаг ба учир нь тэдний ажлыг залгаж үргэлжлүүлэх, тэднийг амраах дараагийн үе гэж үздэгээс тэр юм. Харин эх газрын Солонгост бүх зүйл эсрэгээрээ буюу хүү нар нь эд хөрөнгийг нь өвлөж, эцэг эх, гэр орноо асран хамгаалах ажлыг хийнэ.

Ингээд шинээр бий болсон нөхцөлд эрчүүд нь мөнгө олохоор өөр хол газар явах шаардлагагүй боллоо. Тэд хүүхдүүдтэйгээ гэртээ үлддэг болсон байна. Зарим нэг нь амжилттай яваа эхнэрийнхээ зовж олсон хөрөнгийг ууж идэх, мөрийтэй тоглож алдах зэргээр аашилж байсан тохиолдол байсныг нутгийн хөгшчүүд бас дурсдаг. Гэхдээ ихэнхдээ олсон мөнгөө үл хөдлөх хөрөнгө, хүүхдийн боловсролд зориулдаг байжээ.

1960-аад оны үед энэ ажил мэргэжлийг эрхэлдэг хүмүүсийн алтан үе байлаа. Ийм мэргэжилтэй хүмүүс маш их болж эрэг орчмын тосгоныхон хоорондоо хамгийн их ашигтай далайн эрэг орчмын төлөө маш ширүүн өрсөлддөг болсон байна.

ostasiatiska / instagram

Ингээд дараа нь хямрал эхэллээ. Ээж нь шумбаж байж овоо мөнгө олсон айлуудын охидууд эх газрын сайн сургуульд орох боломжтой болж, түүгээрээ дамжин өөр олон янзын мэргэжил эзэмших болов. Яг энэ үеэр Японоос туршилтын журмаар авчирч тарьж үзсэн мандарин нь чухам субтропикийн цаг агаар бүхий Чежү-до-д зориулсан мэт ургаж эхэлсэн байна. Арлын олон эмэгтэйчүүд хэзээ ч, яаж ч мэдэх хүнд хэцүү шумбах ажлыг орхин тариан талбайд ажиллах болсон ба охидууд хэнё-гийн шинэ залуу үе болж мэргэжил өвлөх нь бараг үгүй болов.

© 김형찬/Wikimedia Commons

Одоо энэ арал дээр 4000 орчим хэнё байгаа бөгөөд ихэнх нь 60 насны найраа аль хэдийн хийжээ. Далайн охин – лусын дагины тухай түүх энэ нутагт далайн эмгэн-лусын дагина болж өөрчлөгджээ гэж хэлж болох байх.

Хэнё-гийн тухай сонирхолтой баримт

  • Ихэнх шумбагч нарын мэргэжлийн туршлага нь түүний настай бараг адил байдаг гэнэ. Мэргэжил үе залгамжлан, ээжээс охинд өвлөгдөх бөгөөд энэ мэргэжилд сурах ажиллагааг маш багаас нь эхлүүлдэг байж.
  • Хэнё нарыг ажлын туршлагаар нь 3 ангилж үздэг: hagun – шинэчүүд болон өндөр настай шумбагч нар, junggun – 5-7 метрт шумбаж, амьсгаагаа минут гаруй барьж чадах нилээд туршлагатай шумбагчид, sanggun – ажил мэргэжилдээ мэргэжлийн болсон 20 хүртэл метрийн гүнд шумбаж чадах, амьсгаагаа 2 минутын турш барьдаг, шумбалт хийх газрын хэцүү нөхцөл байдлаас айдаггүй шумбагч нарыг хэлнэ.
ggo__pd / instagram
  • Дайвинг буюу усанд шумбалтын хэрэгслийн талаар олон том өөрчлөлт дэвшил гарсан боловч Солонгосын эмэгтэй шумбагч нар маань хуучныхаа аргаар шумбасаар л байна. Гэхдээ 1960-аад оноос энгийн гэрийн хувцасны оронд шумбалтын тусгай хувцас өмсөж эхэлсэн бөгөөд энэ нь дулаан барих зориулалттай эд юм. Шумбагч эмэгтэйчүүд нь нуруундаа торон цүнх үүрч түүндээ олсон олзоо хийх ба тусгай хутга, маш хурц тод өнгөтэй урт оосор бүхий хөвөгч хэрэглэнэ.
lucianocandisani / instagram
  • Энэхүү шумбагч нарын нэг чухал нууц нь шумбаж гарч ирэхдээ тэд исгэрэх маягийн авиа гаргадаг ба энэ нь уушгиа дараагийн шумбалтанд бэлдэж байгаа хэрэг юм. Энэ чимээг «сумби-сори» гэж нэрлэх бөгөөд энэ нь ганцхан дараагийн шумбалтын бэлтгэл төдийгүй өмнөх шумбалт ямар нэг асуудалгүй боллоо гэсэн дохио гэдэг.
  • Хэнё нар усан дор байх хугацаандаа (ойролцоогоор 30 секундээс – 2 минут) ёроол хүртэл шумбаад, хэрэгтэй ургамал, амьтнаа олоод, хэрэг болох эсэхийг нь шинжээд хурдан тасалж аваад (наймаалж бол барьж аваад) эргэн усны мандалд гарч амжих хэрэгтэй ба удалгүй дахиад л шумбана.
© Chung Sung-Jun/ Getty Images News/Getty Images
  • Хэнё-гийн ажлын өдөр ойролцоогоор 5 цаг үргэлжилнэ. Тэд бүтэн сарын турш биш харин 2-3 долоо хоног ажиллах ба энэ нь цаг агаар, далайн татлагын шинж байдал зэргээс шалтгаалдаг.  Мөн ус хамгаалах байгууллагуудын тогтоосон дүрмээр “ургац хураах үе” бий болсон ба учир нь далайн ургамал, амьтны аймаг энэ хооронд нөхөн төлжиж байх зорилготойгоор ингэсэн билээ.

 

Одоо Солонгосын эрх баригчид хэнё-г тухайн улсын соёлын бас нэг хэсэг гэдэг утгаар хадгалан үлдэх гэж ажиллаж байна. Тэд үүний тулд шумбалт хийдэг газар орчмын эрэг дээр тохитой жижиг байшингууд барьж шумбагч нар ажлын өдрүүдэд амарч байх боломжтой болсон бөгөөд янз бүрийн шумбагч нарын олборлодог далайн гаралтай нэмэлт амин дэм бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж байна. Мөн дайвингийг сурталчлах, “далайн-бүсгүйчүүд” орсон янз бүрийн шоуг өргөнөөр зохион байгуулдаг болжээ.

Хэнё-музей, хэнё-сургуулиуд шинээр нээгдсэн ба эдгээр сургуульд шумбагчийн ажил мэргэжилд үнэгүй суралцаж болох нь. Хавар болгон цэнгүүн болж хүссэн хүн болгон бага гүнтэй усанд мэргэжлийн хэнё нарын удирдлага дор хэнё болж үзэх боломжтой болжээ. Энэ цэнгүүний үеэр арлын оршин суугчдын дундах усанд сэлэлтийн, шумбалтын уралдаан, усан дагины баярын жагсаал зэрэг олон үйл ажиллагаа болно.

davidalanharvey / instagram

Энэ бүх ажлын үр дүнд, бас олон янзын төсөл хэрэгжүүлсний ачаар (хамгийн тод жишээ нь National Geographic-ийн зурагчид болон тусгай мэргэжлийн шумбагч Y.Zin Kim нарын хамтран зохион байгуулдаг «Happy Hae-Nyeo» юм) хэнё хэмээх соёл нь ЮНЕСКО-гийн соёлын өвийн бүртгэлд орсон байна.
Source:Xopom.com

Related Articles

Close