Сонин хачин

Авъяас чадвараараа дэлхийд танигдсан Монголын 20 настангууд

Авъяас чадвараараа дэлхийд танигдсан Монголын 20 настангууд Хориод насандаа ур чадвар, авьяасаараа Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан 6 хүүхдийг танилцуулж байна. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилгодоо үнэнч байж, тууштай хөдөлмөрлөхөд үр дүн ямар гайхалтай байдгийг тэднээс харж болно.

Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр
Тэд бол Монголын төдийгүй дэлхийн ой тогтоолтын спортын түүхийг бичиж яваа ихэр эгч дүүс билээ. Тэдний амжилтын гараа 2016 онд 12 дугаар ангиа төгсөж, тус спортоор хичээллэх цаг завтай болсон үеэс эхэлжээ. Хичээллэж эхлээд зургаахан сарын дараа Сингапурт болсон 25 дахь удаагийн ДАШТ-д оролцож өсвөр насны ангилалд дэлхийн аварга, ой тогтоолтын их мастер болцгоосон юм.

Тэд багадаа ой тогтоолтын спортын талаар телевизээр үздэг байсан бөгөөд урлагаар хичээллэдэг байсан учир зав гардаггүй байжээ. Ихрүүд маань өнгөрсөн оны зургаадугаар сард “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авсан юм. Тодруулбал, БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, “Гиннесийн ном”-д бичигдэхээр болсон юм. Их мастер Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоон алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилт тогтоосон билээ.

Мөн тэд өнгөрсөн оны наймдугаар сард ОХУ-ын “Россия-1” телевизийн “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт оролцож Оросын ард түмнийг гайхшруулсан. Тус нэвтрүүлэгт оролцохдоо 1200 ширхэг сарнайг есөн минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид маань тэр цэцгийг олох байсан бөгөөд ихрүүд маань ердөө таван минутад бүгдийг нь тогтоон даалгавруудаа алдаагүй гүйцэтгэж чадсан юм.

Сагсан бөмбөгийн залуу тамирчин Ш.Энхийн-Од Тэр бол Монгол Улсын гавьяат тамирчинЦ.Шаравжамцын бага хүү. Өнгөрөгч зургаадугаар сард Монгол Улсад зохиогдсон 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д Монголын багийн лидер тоглогчоор нэрлэгдээд зогсохгүй, дэлхий дахинаа ямар чадварлаг тоглогч гэдгээ харуулаад амжсан.

Түүний өндөр 2.01 метр, жин 75 кг бөгөөд АНУ-ын Огайо мужийн Дэйтон хотын “Legacy Christian Academy” хувийн сургуульд тэтгэлгээр суралцдаг. Түүний гэр бүл тамирчид. Аав нь 1994 онд Монголын сагсан бөмбөгийн холбоо байгуулагдах цагаас тоглож эхэлсэн бол ээж нь залуудаа волейбол тоглодог байжээ. Түүний ах “Этүгэн” их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин юм.

Тэрбээр 7 настайгаасаа эхлэн урдаа алдартай тамирчин болох том зорилго тавин, сагсаар хичээллэж байгаа аж. Хамгийн анхны тэмцээндээ есөн настайдаа орж байжээ. Тухайн үедээ хожигдож, шар нь их хөдөлсөн гэдэг. Аав нь тухайн үед Чингэлтэй дүүргийн спортын хорооны дарга болж, түүний ачаар бэлтгэл хийх зааланд санаа зоволгүй эрчимтэй бэлтгэл хийх болсон нь сагс сайн тоглодог болоход их нөлөөлсөн гэнэ. АНУ-д очсоноос нь хойш зургаан их дээд сургууль авах хүсэлтээ илэрхийлсэн.

Түүний мөрөөдөл бол Монголоос NBA-д орсон анхны тоглогч болж, АНУ-д амжилт гаргах юм.

Processed with VSCO with g3 preset

Загвар зохион бүтээгч Ж.Мандхай Тэрбээр Монголын ноолуурыг дэлхийд таниулж яваа загвар зохион бүтээгч юм. Ж.Мандхай нь Монголын загварыг дэлхийн миллениал үеийнхэнд таниулахад том үүрэг гүйцэтгэж байна. Тэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы охин бөгөөд аавынхаа бизнесийг өвлөж, өөрийн “MANDKHAI” брэндийг үүсгэн, амжилттай ажиллаж байна.

 

Тэрбээр ноолууран хувцсыг өндөр настнууд л өмсдөг гэх хэвшмэл ойлголтыг үгүй хийж, дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалж яваа юм. Лондонд хувцас загварын чиглэлээр суралцахдаа тус хотод ноолуураар хийсэн сонирхолтой хувцас, загвар байхгүйг анзаарсан гэдэг. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Харсан бүхэн маань нэг л уйтгартай, энгийн байсан. Монгол Улсад төрж, өссөний хувьд, бас үйлдвэр дээр байсны хувьд би илүү сонирхолтой, сэтгэл хөдлөм зүйл санал болгож чадна гэдгээ мэдсэн.

Би өөрийн түүхийг болон ноолуур гэх энэ гайхалтай зүйлийг дэлхий дахинд харуулахыг зорьсон. “Ноолуурыг хувцас болгох” түүх минь чухал, учир нь би хүмүүст мэдүүлж, Монголын нэгэн хэсэг болсон энэ гайхалтай зүйлийг таниулахыг хүссэн” хэмээжээ. Тэрбээр “Theculturetrip.com”-ын гаргасан 2019 онд дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр нэрлэгдсэн. Мөн түүний “Mandkhai cashmere”-ийн ноолууран хувцаснуудыг алдартай моделиуд, бизнес хатагтай нар, Холливудын одод өмсдөг.

Ой тогтоолтын дэлхийн аварга В.Янжаа Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа хүмүүсийн нэг бол ой тогтоолтын дэлхийн аварга В.Янжаа юм. Хүмүүс түүнийг “Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн болж, хагас финалд шалгарснаар нь сайн мэднэ.

Тэрбээр дөрвөн настайдаа гэр бүлийн хамт Швед улсад очиж, ахлах сургуулийн төгсөх ангиа Кени улсын нийслэл Найроби хотод дүүргэжээ. Тэр анхны тэмцээндээ 2014 онд гурван хоног бэлдээд оролцож байв. Анх номын санд санамсаргүй ой тогтоолтын номыг сонирхсоноор анхны мэдэгдэхүүнтэй болж, техникүүд нь амархан санагдсан учир тэмцээнд оролцохоор шийдсэн гэдэг.

Тухайн жилдээ багаараа Дэлхийн аварга болж, урамшин тэмцээн уралдаануудад оролцож байхаар шийдсэн байна. Тэрбээр өөрийгөө их залхуу гэж боддог аж. 2015 оны дэлхийн аваргын тэмцээнд хятад хэлээ сайжруулж байсан учраас бэлтгэлгүй оржээ. Гэвч тэр дэлхийн рекордыг эвдэж чадсан юм. Монгол хүний оюун ухааныг дэлхийд таниулж яваа түүний амжилтын буухиа үүгээр дуусахгүй нь мэдээж юм.

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Тэрбээр боксын спортын отгон гавьяатуудын нэг. Түүний амжилтын гараа 2008 оны Азийн хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртсэнээр эхэлсэн бөгөөд түүнээс хойш 2009 оны ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хүрэл, 2012 оны олимпийн наадмын мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.

2012 оны олимпийн дараагаар мэргэжлийн боксын дэвжээнд дэвшиж, “IBO” холбооны аваргын бүсийг өнгөрөгч нэгдүгээр сард зүүсэн бөгөөд 11 тулаанд оролцож, нэг ч ялагдал хүлээгээгүй байна. Дэлхийн тулааны спортын хорхойтнууд түүнийг “King Tug”, дараагийн “Мани Пакиао” ч гэдэг. Тэрхүү ерөөлийг өргөж, Төгсөө хүү дэлхийн боксын спортын оргилд гарах зорилго тавин хөдөлмөрлөсөөр байна.
Source:lifestyle.mn

Related Articles

Close