ХҮМҮҮС

Шүүхээс 7 настай хүүг дайран чирч алсан хэргийг ХӨНГӨН гэж үзээд 1 жилийн тэнсэн өгчээ

Долоон настай хүүг машинаараа дайрч, 50 метр чирсэн хэргийг хөнгөн хэрэг гэж үзэн, хэрэгт холбогдох этгээдэд нэг жилийн хугацаатай тэнцсэн ял оноож, хэргийг одоо хүртэл бүрэн шийдвэрлээгүй байгаа талаар талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Талийгаач хүүгийн эх М.Оюунцэцэг болон хамаатан Д.Эрдэнэ нар хүүхдийнх нь аминд хүрсэн этгээдэд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосонд гомдолтой байгаагаа илэрхийлж, хууль хүчний байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүслээ.Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр Мандал сумын иргэн 22 настай М.Мөнхтулга нь хашааныхаа үүдэнд тоглож байсан долоон настай хүүг 4882 УНР улсын дугаартай Хонда пит загварын авто машинаар мөргөөд зогсохгүй, хааз, тоормосыг буруу гишгэснээс болж 50 метр газар чирэн амь насанд нь хүрчээ. Талийгаач хүү Гэмтэл согог судлалын үндэсний төвд тав хоног ухаан оролгүй байсаар зургадугаар сарын 12-нд нас барсан аж.

Уг хэрэгтэй холбогдох найман удаагийн шүүх хурал болсон хэдий ч хэрэг нь бүрэн шийдвэрлэгдээгүй ба удахгүй 9 дэх шүүх хурал нь болох юм байна.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цус хуралт, няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн тал, ташаа цавины тархмал зулгаралт гэх мэт гэмтэл нь доргих үрэгдэх үед буюу авто ослын үед үүснэ гэсэн дүгнэлт гарчээ. Энэ хэргийг аймгийн сум дундын шүүхээс хөнгөн хэрэг гэж үзээд талийгаач Н.Түвшинбаатар хүүгийн аминд хүрсэн этгээдэд нэг жил тэнсэн харгалзах ял оноож, авто машин жолоодох эрхийг нь гурван жилээр хассан байна. Гэтэл энэ хугацаанд сумын төвд автомашинаа жолоодсоор байгааг хүүгийн ээж М.Оюунцэцэг хэлэв.

Долоон настай талийгаач хүүгийн амь насанд хүрсэн этгээд нь осол гаргах үедээ сүрьеэ өвчний оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан нь тогтоогдсон халамжийн мөнгө авдаг, авто машин жолоодох эрхгүй байсан аж. Мөн согтуу байсныг үгүйсгэхгүй гэж түүний ах нь талийгаач хүүгийн ар гэрийнхэнд хэлсэн аж. Хэрэгтэн хэргийн газар дахь нотлох баримтыг устгасан байсан талаар талийгаач хүүгийн ээж Н.Оюунцэцэг хэлсэн юм.

Тэрбээр уг хэргийн талаар “Анх энэ хэргийг шалгасан мөрдөн байцаагч хэт удаан шалгаж, үүнээс болоод хоёр жил өнгөрсөн ч асуудлыг шийдэж чадахгүй явж байна. Бид холбогдох бүх газарт нь хандаж үзсэн. Байцаагч н.Мөнхсүх тэр үед “тархины саа өвчтэй хүүхэд” гэх худлаа дүгнэлтийг эмнэлгээс гаргуулж аваад хэргийг хөнгөн хэрэг болгосон. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр тархины баруун тал бөмбөлгийн эд доторх цус хуралт, няцралт, эрүүний хугарал, хэвлийн зүүн тал ташаа цавины тархмал зулгаралт гэх мэт гэмтэл нь доргих, үрэгдэх үед буюу авто ослын үед үүснэ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй гэж гарсан.

Миний хүүг саа саажилттай гэж худлаа дүгнэлт гаргаснаас болж энэ хэрэг шийдэгдэхгүй удаж байна. Миний хүү сэргэлэн цовоо, сургуулийн өмнөх боловсролоор ч хүмүүжсэн эрүүл саруул хүүхэд байсан. Цэцэрлэгийнх нь гаргасан дүгнэлтэд хүртэл миний хүүг хэдийгээр хэл яриа сонсголын бэрхшээлтэй байсан ч бусад зургаан настнуудын адилаар сэргэлэн цовоо, авхаалжтай, сурах арга барилд гарамгай сайн суралцсан хүүхэд байсан гэж хүртэл дүгнэсэн. Бид үнэхээр гомдолтой байна. Хүү минь ямар их тарчилж байгаад үхсэн билээ дээ. Гэтэл тэр этгээд өнөөдөр зүгээр машинаа бариад явж байна. Хууль хаана байна.

Тэр этгээд надад “Би чиний мөнгө харагдаад байна уу. Чи одоо боль. Байгаа 2 хүүхдэд чинь халтай байх вий” гэж хэлсэн. Дээд шатны шүүхийн шийдвэрүүдийг Мандал сумын шүүх, прокурор, цагдаагийнхан үл ойшоосоор өнөөдрийг хүрлээ. Энэ талаар Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, ХЗДХ-ийн сайдын нэр дээр, цагдаагийн ерөнхий газар, цагдаагийн ёс журам гээд бүхий л дээд шатны байгууллагад гомдол гаргаж, чиглэл чиглэлийн дагуу шалга гэсэн үүрэг өгөхөд өнөөдрийг хүртэл чирэгдүүлсээр байна” хэмээн ярилаа.

Танд ямар санагдав

Эх сурвалж : https://newspress.mn/v1/p/news/8659

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close