ДЭЛХИЙ ДАХИНД

Хүн төрлөхтнийг устгах 10 гамшиг…

Дэлхий сөнөхтэй холбоотой кино бүтээлүүд дэлгэцнээ гарахад хүмүүс шимтэн үзсээр ирсэн. Бодит байдал дээр ч хүмүүс маш олон байгалийн гамшиг, аюул заналыг даван туулсан байдаг юм. Аливаа мөхөл, байгалийн гамшигт үзэгдэл хэдийгээр амьтан, ургамлын тоог асар ихээр бууруулдаг ч хамгийн чадварлаг, бүтээлч, хүчтэй нь үүнийг даван туулж чаддаг. Байгалийн шалгарлаар амьд үлдсэн хүмүүс өнөөдрийг хүртэл улам хөгжсөөр, дэлхийд ноёрхож байгаа билээ. Ингээд хүн төрөлхтнийг газрын хөрснөөс үгүй хийх дөхсөн 10 үзэгдлийг сонирхуулъя.

Хар тахал

“Хар тахал” магадгүй хүн төрөлхтөнд заналхийлсан хамгийн алдартай тахлуудын нэг байх. Дундад зууны үед Европт энэ тахлаас болж сая сая хүн үхсэн байдаг. Гэхдээ энэ тахал ганцхан удаа болоод өнгөрсөн үү гэвэл үгүй юм. Учир нь хар тахлыг үүсгэсэн вирусын халдвар хүн төрөлхтний түүхэнд хэд хэдэн удаа дэгдэж, дэлхийн хүн амын тоог маш ихээр бууруулж байсан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.

Булчирхайн тахлыг үүсгэгч “yersinia pestis” гэх энэ вирус хамгийн анх 541 онд илэрсэн байдаг. Юстинианы тахал нэрээр тэмдэглэгдэн үлдсэн уг тахал нь Византын эзэнт гүрнийг дайрч жил гаруй хугацааны турш өдөр бүр 5000 хүний аминд хүрч байсан аж. Тахлаас болж нийт 50 сая хүн үхсэн байдаг нь тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 25% нь байв.

Үүний дараа 1346 онд уг тахал дахин “Хар үхэл” нэрээр гарч иржээ. Өвчлөгсдийн бие дээр том том хавдар гарч ирэн, цусаар бөөлжин өндөр хэмээр халуурсаар нас бардаг байв. Хар үхлээс болж 75-200 сая орчим хүн үхсэн байна. Хаа сайгүй хүн үхэж байхад нарийн тоо бүртгэж суух хүн олдоогүй л болов уу. Энэ тахлаас болж Европын нийт хүн амын 60% нь үгүй болсон ба тахлын өмнөх тоондоо хүртэл 250 жилийг зарцуулсан байдаг.

Тахлын гурав дахь дэгдэлт 1855 онд БНХАУ-д гарсан байна. Тахлаас болж 10 сая хүн үхэв. Хэдийгээр хүн төрөлхтөн энэ бүгдийг даван туулж, амьд үлдэж чадсан ч тахлын вирус одоо хүртэл байдаг гэнэ.

Мөстлөгийн үе

Өнөө үед бага зэрэг хүйтрэв үү, үгүй юу  хүмүүс ханиад, томуу хүрдэг болж. Тэгэхээр хүн төрөлхтөн мөстлөгийн үеийг амжилттай даван туулсан явдал нь маш гайхалтай хэрэг. Мөстлөгийн таван үе байдаг бөгөөд тэдгээрийн хамгийн сүүлийнх нь 30 мянган жил үргэлжилсэн байна.

Хүн төрөлхтөн мөстлөгийн үеийг хэрхэн давж гарсныг саяхан олж мэдсэн билээ. Судалгаанд дурдсанаар 37 мянган жилийн настай хүний чулуужсан яс олсон нь мөстлөгийн үед хүмүүс байсаар ирсний баталгаа аж. Дэлхий цас мөсөнд хучигдаж, ургамал хөлдөж эхлэх үед амьдрал маш хэцүү болов. Хомо сапиенс буюу бидний өвөг эцгээс бусад бүх хүний төрлүүд (тухайлбал, неандерталь) үгүй болжээ. Зарим эрдэмтдийн үзэж буйгаар хэдэн зуугаар тоологдох цөөн хүн өнөө цагийн Өмнөд Африкийн Кэйп Таун хотын ойролцоо орших харьцангуй дулаан цэгийг олж чадсаныхаа ачаар амьд үлдсэн байна. Өөрөөр хэлбэл эдгээр азтай хэдэн зуун хүнээс бусад бүх хүн төрөлтнүүд мөсөн галавыг туулж чадаагүй гэсэн үг.

2012 оны нарны гялбаа

1859 онд дэлхийд асар хүчтэй нарны шуурга дэгдэж байжээ. Энэ нь аз болж Австрали тив дээр туссан байдаг. Ричард Каррингтон ба Ричард Хожсон гэх хоёр одон орон судлаач эрдэмтэд уг шуургыг ажигласан аж. Гэхдээ нарны шуургын нөлөө дэлхийн хүн амд бараг мэдрэгдээгүй байна.

Яг ийм шуурга өнөө цагт дахин дэгдвэл түүх өөрөөр бичигдэх юм. Учир нь нарны гялбаа нь цахилгаан үүсгүүрт нөлөөлж, хүн төрөлхтөн цахилгаангүйгээр амьдрах шаардлагатай болох байжээ. Шөнө гэрэлгүй болж, интернэт, мэдээлэл, харилцаа холбоо эргээд захиа хэлбэрт шилжинэ. Хамгийн аймшигтай нь энэ явдал 2012 онд бараг тохиолдох дөхсөн аж. Наран дээр болсон дэлбэрэлтээс үүссэн шуурга дэлхийг золтой л оноогүй байна. НАСА-гийн тооцоолсноор хэрэв нарны шуурга ЕРДӨӨ ЗУРГААН МИНУТЫН ӨМНӨ л болсон бол хүн төрөлхтөн одоо хүртэл гамшгаас сэргэж чадаагүй байх байжээ.

Тунгусын солир

Огторгуй ертөнц биднийг үгүй хийх олон аргатай байдгийн нэг нь солир юм. Солироос болж үлэг гүрвэлүүд үгүй болж, музейн чимэг төдий л болсон гэдгийг бид бүгд мэднэ.

1908 онд асар том солир дэлхий дээр буюу Сибирийн Тунгускад унасан байдаг. Хэн ч байхгүй шахам газар унасан нь сохор аз байв. Учир нь уг солир унахдаа атомын бөмбөгөөс даруй 1000 дахин хүчтэй байсан бөгөөд 80 сая гаруй модыг үндсээр нь сугалсан аж. Хэдэн зуун километрийн цаана байсан хүмүүст солироос үүссэн чимээ сонсогдож, ойр орчмын тосгонуудын цонх нь хагарч байсан гэдэг. Атомын бөмбөг Хирошима, Нагасаки хотуудыг ямар байдалд хүргэснийг бид мэдэх ч түүнээс 1000 дахин илүү хүч дэлхийн хамгийн том хотуудыг ч үгүй хийх чадалтай байх нь тодорхой юм.

Солир ердөө жаахан л хазайсан бол Москва хот дээр унах байсан ба ингэсэн бол дэлхийн түүх орвонгоороо өөрчлөгдөх байсан билээ.

Хүн амын огцом цөөрөл

Одоогоос сая жилийн тэртээ хүн төрөлхтөн дэлхийгээс ор мөргүй алга болох дөхсөн байдаг. “Хамгийн аймаар” нь юунаас болсоныг нь одоо хүртэл мэдэхгүй байгаа явдал юм. Шинэ чулуун зэвсгийн үеийг судалдаг эрдэмтэд дэлхийн хүн ам яагаад ч юм огцом буурсныг тогтоожээ. Дэлхий дээрх хүн амын тоо 18 мянга орчим болж цөөрсөн аж. Өөрөөр хэлбэл устах аюулд орсон амьтан болж бүртгэгдэхэд хангалттай тоо гэсэн үг. Үүний шалтгааныг тайлбарлах олон таамаг байдгаас хамгийн өндөр магадлалтай нь дараах хоёр хүчин зүйл юм.

  1. Маш хүчтэй газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтээс болж хүмүүс үхсэн
  2. Хүн төрөлхтөн хэт нэг газраа төвлөрснөөсөө болж хоол тэжээлийн хомсдолд орж үхсэн

Ямартай ч хүн төрөлхтний тоо толгойг 18 мянга орчим хүргэсэн асар том үйл явдал үүссэн бөгөөд энэ эрчээрээ олон арван мянган жилийг туулсан нь тодорхой байгаа юм. Хэрэв дахиад нэг иймэрхүү явдал болсон бол дэлхий дээр хүн гэх амьтан огт байхгүй болох байжээ.